Хувьцаа (stock, share, equity) бол үнэт цаас, үнэт цаасны нэг төрөл. Хувьцаа нь хувьцааг гаргасан компанийн пропорционал буюу тодорхой хувийг эзэмшигч гэдгийг илэрхийлнэ.
Өөрөөр хэлбэл хувьцаа нь хувьцаа эзэмшигчид компанийн хөрөнгийн болон ашгийн тодорхой хувийг эзэмших, авах эрхийг олгодог.
Хувьцаа бол хөрөнгө оруулалт. Хувьцаа бол компанийн хувийг эзэмшиж байгааг илэрхийлсэн хөрөнгө оруулалтын нэг төрөл.
Компаниудын хувьд хувьцаа гаргах нь бизнесээ томруулах болон хөрөнгө оруулалт хийх мөнгө босгох арга зам юм.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд хувьцаа худалдаж авах нь цаг хугацааны явцад мөнгөө өсгөх болон инфляцаас зугтах арга зам юм.
Хөрөнгө оруулагчид хувьцааг цаг хугацааны явцад өснө, үнэ цэнэтэй болно гэж үзээд худалдаж авдаг.
Компанийн хувьцааг худалдаж авах нь тухайн компанийн жижиг хэсгийг худалдаж авч байна гэсэн үг.
Компанийн хувьцааг эзэмшиж байгаа хүнийг хувь буюу хувьцаа эзэмшигч гэдэг.
Хувьцаа эзэмшиж байгаа хүн компанийн ашгаас хувь хүртдэг.
Хөрөнгө оруулагчид үнэ цэнэтэй болно гэж бодсон компаниудын хувьцааг худалдаж авдаг.
Үүнийг дагаад компанийн хувьцаа өсөж үнэ цэнэтэй болдог.
Дараа хөрөнгө оруулагчид ашиг олох зорилгоор худалдаж авсан хувьцаагаа зардаг.
Хувьцаа нь бараг бүх үнэт цаасны багц (portfolio - портфель)-ын суурь бөгөөд ихэвчлэн хөрөнгийн бирж дээр зарагдаж, худалдан авагддаг.
Мөн хувийн буюу хаалттай арилжаа байж болдог.
Эдгээр гүйлгээ (арилжаа) нь хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэхээс хамгаалах зорилготой засгийн газрын зохицуулалттай нийцэж байх ёстой.
Түүхийн хувьд хувьцааны гүйлгээ нь урт хугацааны туршид бусад хөрөнгө оруулалтуудаас илүү их гүйцэтгэгдсэн.
Өнөө цагт бараг ямар ч хөрөнгө оруулалтыг ихэнх онлайн брокераар дамжуулж хийж болно.
Форекс болон хувьцааны зах зээлийн ялгааг мэдэхийг хүсвэл “Форекс болон хувьцааны зах зээлийн ялгаа” нийтлэлийг уншина уу.
Хувьцаатай холбоотой мэдэх ёстой ойлголтууд
Компаниуд ихэвчлэн бизнесээ өргөжүүлэхийн тулд мөнгө босгох зорилгоор хувьцаа гаргадаг эсвэл хувьцаагаа зардаг.
Хувьцаа эзэмшигч нь компанийн нэг хэсгийг худалдаж авсан гэсэн үг бөгөөд компанийн хөрөнгө болон ашгаас нэхэмжлэх эрхтэй.
Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч нь хувьцааг гаргасан компанийг эзэмшигчдийн нэг.
Өмчлөл нь нийт гаргасан хувьцаанаас тухайн хүн хэдэн хувьцааг эзэмшиж байгаа тоогоор тодорхойлогдоно.
Жишээ нь: Компани 1000 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд нэг хүн 100 ширхэгийг эзэмшиж байгаа гэе.
Тэгвэл тухайн хүн компанийн хөрөнгийн болон ашгийн 10 хувийг нэхэмжлэх эрхтэй.
Нэмэлт мөнгө шаардлагатай байгаа тохиолдолд компани нэмэлт хувьцаа гаргах боломжтой байдаг.
Энэ үйл ажиллагаа нь хуучин хувьцаа эзэмшигчдийн эрх болон өмчлөлийг багасгадаг.
Компани нь одоо байгаа хувьцаа эзэмшигчдэд ашигтайгаар тэднээс хувьцааг нь эргүүлэн худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж болдог.
Хувьцаа эзэмшигч компанийг эзэмшдэггүй.
Хувьцаа эзэмшигчид компанийн гаргасан хувьцааг эзэмшдэг.
Гэвч компани бол тусгай хэлбэрийн байгууллага учраас хуулиар тэднийг хуулийн этгээд гэж үздэг.
Өөрөөр хэлбэл компани нь зээл авах, өмч эзэмших, шүүхэд нэхэмжлэл гаргах, татвар төлөх гэх мэт эрх, үүрэгтэй.
Компани өөрийнхөө өмч, хөрөнгийг эзэмшдэг учраас хуулийн этгээд гэдэг.
Жишээ нь компанийн оффист байгаа ширээ, сандал хувьцаа эзэмшигчийн өмч биш компанийн өмч юм.
Компанийн өмчийг хувьцаа эзэмшигчийн өмчөөс хуулиар тусгаарласан эсэх нь маш чухал ойлголт.
Энэ зүйл нь компани болон хувьцаа эзэмшигч хоёрын аль алиных нь хариуцлагыг хязгаарладаг.
Хэрвээ компани дампуурсан, татан буугдсан бол шүүх компаний бүх хөрөнгийг зарах шийдвэр гаргаж болно.
Гэсэн хэдий ч таны хувийн хөрөнгө эрсдэлд орохгүй.
Шүүх таныг хувьцаагаа зар гэж хүчээр шахахгүй ч таны хувьцааны үнэ огцом унана.
Үүний нэгэн адил томоохон хувьцаа эзэмшигч дампуурвал компаний өмчийг зарж зээлээ төлөх боломжгүй байна.
Хувьцаа эзэмшигч нь компаниас гаргасан хувьцааг эзэмшдэг. Харин компани хөрөнгийг эзэмшдэг.
Тиймээс хэрвээ та компанийн хувьцааны 33%-ийг эзэмшдэг бол компанийн ⅓-ийг эзэмшдэг гэх нь буруу ойлголт.
Харин үүний оронд компаний хувьцааны ⅓-ийг 100% эзэмшдэг гэх нь зөв ойлголт.
Хувьцаа эзэмшигчид компани эсвэл компанийн хөрөнгөнд дураараа хандах боломжгүй. Жишээ нь: хувьцаа эзэмшигч компаниас сандал аваад гарч болохгүй.
Учир нь сандал компанийн өмч бөгөөд хувьцаа эзэмшигчийн биш.
Үүнийг удирдлага болон өмчлөлийн тусгаарлалт гэдэг.
Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал дээр санал өгөх, хэрвээ компани ноогдол ашиг тараавал компанийн ашгаас ноогдол ашиг хүртэх, хувьцаагаа өөр бусад хэн нэгэнд зарах эрхтэй байдаг.
Хэрвээ та олон (ихэнх) хувьцааг эзэмшдэг бол таны саналын хүч ихэснэ.
Тиймээс та төлөөлөн удирдах зөвлөлийг томилох замаар компанийг шууд бусаар хянаж, удирдах боломжтой.
Энэхүү ойлголт нэг компани өөр нэг компанийг худалдаж авахад илүү тодорхой харагддаг.
Өөрөөр хэлбэл компани нь тухайн компаний байшин барилга, ширээ сандал, ажилчдыг авахын оронд бүх хувьцааг нь худалдаж авдаг.
Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийгээ ихэвчлэн гүйцэтгэх захирал, мэргэжлийн менежерүүд, ажилчид ажилд авах замаар хэрэгжүүлдэг.
Энгийн хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийг удирдаж чадахгүй байх нь том асуудал биш.
Харин хувьцаа эзэмшиг байхын чухал зүйл нь компанийн ашгаас тодорхой хэсгээс авах юм.
Энэ нь хувьцааны үнэ цэнийн суурь үндэс юм. Та их хувьцаа эзэмших тусам таны олох ашиг их байх болно.
Гэсэн хэдий ч олон хувьцаат компаниуд ноогдол ашиг тараахын оронд ашгаа буцаан хөрөнгө оруулж компаниа томруулахад зарцуулдаг.
Эдгээр хуваарилагдаагүй буюу хуримтлагдсан ашиг нь хувьцааны үнэ цэнэд туссан хэвээр байдаг.
Өөрөөр хэлбэл хувьцааны үнэд шингэж хувьцааг үнэтэй болгодог.
Хувьцаат компаниуд хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан худалддаг.
Жишээ нь: Nasdaq, Нью Йоркийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж, … (Хөрөнгийн биржийн талаар илүү дэлгэрэнгүйг “Хөрөнгийн бирж гэж юу вэ?” нийтлэлээс уншина уу).
Харин хөрөнгө оруулагчид үнэт цаас, хувьцааны брокеруудаар дамжуулан хувьцаа худалдаж авах болон зарах үйл ажиллагааг хийдэг.
Хөрөнгийн биржүүд компани бүрийн хувьцааны эрэлт, нийлүүлэлтийг хянаж байдаг.
Хувьцааны ханш өдрийн турш, өдөр бүр хэлбэлздэг боловч хувьцаа эзэмшигчид цаг хугацааны явцад хувьцааны ханш өснө гэж найдаж байдаг.
Бүх компани эсвэл бүх хувьцаа өсдөггүй.
Тиймээс зарим компаниудын хувьцаа үнэ цэнээ алдаж эсвэл зарим компани тоглоомоос гарах буюу бизнесээ зогсоож байдаг.
Ийм зүйл тохиолдох үед тухайн компани эсвэл хувьцаанд хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгө оруулалтынхаа хэсгийг эсвэл бүгдийг алдах магадлалтай.
Тийм учраас хөрөнгө оруулагчид зөвхөн нэг хувьцаан дээр төвлөрөх, мөнгөө зөвхөн нэг компанийн хувьцаанд оруулахаас илүүтэй олон өөр компанийн хувьцааг худалдан авч мөнгөө тараах нь чухал байдаг.
Хөрөнгө оруулагчид урт хугацааны худалдан авалт хийх болон барилт хийх үйл ажиллагааг хамгийн сайнаар хийдэг.
Энэ нь хөрөнгө оруулагчид олон төрлийн хувьцаануудын төрөл бүрийн багцыг эзэмшиж сайн, муу аль ч цаг үед хадгалаад байж чаддаг гэсэн үг.
Тухайн нэг хувьцаанд хөрөнгө оруулах нь цаг хугацаа шаарддаг.
Худалдаж авсан хувьцаа бүрээ, компаний бүтцийг нь, санхүүгийн нөхцөл байдлыг нь маш сайн судлах хэрэгтэй.
Олон хөрөнгө оруулагчид хамтын хөрөнгө оруулалтын сан, индексийн сан, ETF буюу валют арилжааны сан зэргээр дамжуулан хувьцааны арилжаанд хөрөнгө оруулах замаар цаг хугацааг хэмнэхийг илүүд үздэг.
Эдгээр нь нэг хэлэлцээр буюу гүйлгээгээр олон төрлийн хувьцаанууд худалдан авах боломжийг олгодог.
Мөн хурдан төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд шаардагдах хэмжээг багасгах боломжийг санал болгодог.
Хувьцааны төрөл
Энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаа гэсэн хоёр үндсэн төрлийн хувьцаа байдаг.
Ихэнх хөрөнгө оруулагчид хувьцаат компанийн энгийн хувьцааг эзэмшдэг. Энгийн хувьцаа нь ноогдол ашиг өгдөг. Гэвч ноогдол ашиг нь баталгаатай биш бөгөөд ноогдол ашгийн хэмжээ нь тогтмол биш. Энгийн хувьцаа эзэмшигч нь ихэвчлэн дараах эрхүүдтэй. Үүнд:
- Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй
- Хэрвээ компани ноогдол ашиг тараавал компанийн ашгаас ноогдол ашиг хүртэх эрхтэй
- Компани татан буугдсаны дараа хөрөнгийг зарж борлуулсан орлогоос хувь хүртэх эрхтэй
- Хувьцаагаа бусад зарах, бэлэглэх, өв залгамжлуулах эрхтэй
- Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад нэг дэвшин сонгогдох эрхтэй
- Компани нэмж хувьцаа гаргавал түүнээс тэргүүн ээлжинд худалдаж авах эрхтэй
- Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах эрхтэй
- Мэдээлэл авах эрхтэй
- Тодорхой нөхцөлүүдийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй
- Тодорхой нөхцөлүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй
Давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг нь ихэвчлэн тогтмол байдаг.
Тиймээс хувьцаа эзэмшигчид жил бүрийн хувьцаанаас олох ашгаа тооцож чадна.
Мөн компани ашиг орлого олох үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчид дарааллын урд талд зогсож байдаг.
Өөрөөр хэлбэл илүүдэл мөнгийг ноогдол ашиг болгон тараахад давуу эрхийн хувьцаа эзэмшигчид түрүүлж авна.
Мөн давуу эрхийн хувьцаа эзэмшигчид нь компани дампуурах эсвэл татан буугдсаны дараа хөрөнгийг зарж борлуулсан орлогоос хувь хүртэхдээ энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж хувь хүртэнэ.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ерөнхийдөө саналын эрхгүй байдаг.
Гэвч зарим тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хурлаар хэлэлцэж буй асуудалд санал өгөх эрхтэй.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигч дараах эрхтэй байдаг. Үүнд:
- Жил бүр тогтмол ноогдол ашиг авах эрхтэй
- Ноогдол ашиг тараахад давуу эрхийн хувьцаа эзэмшигчид түрүүлж авах эрхтэй
- Компани дампуурах эсвэл татан буугдсаны дараа хөрөнгийг зарж борлуулсан орлогоос хувь хүртэхдээ энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж хувь хүртэх эрхтэй
Хэрхэн хувьцаагаар мөнгө олох вэ?
Хувьцаа нь бусад хөрөнгө оруулалтуудаас илүү өндөр эрсдэлтэй боловч өндөр ашиг олох боломжтой. Хувьцаанд хөрөнгө оруулагчид дараах 2 үндсэн аргаар мөнгө олдог. Үүнд:
- Бага үнээр худалдаж аваад өндөр үнээр зарж мөнгө олох.
- Ноогдол ашгаас мөнгө олох. Компани ашигтай ажилласан үедээ хувьцаа эзэмшигчид ашгаа хувааж өгөхийг хувьцааны ноогдол ашиг гэдэг. Бүх компаниуд ноогдол ашиг өгдөггүй. Гэвч ихэнх компани улирал тутамд санхүүгийн тайлангаа гаргаж ноогдол ашиг өгөх эсэхээ шийддэг. Монголын хувьд жил тутамд.
Өнгөрсөн зууны туршид хувьцааны зах зээл дунджаар жилийн 10 хувийн өгөөжтэй байсан.
Дунджаар гэдэг үгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
Энэ нь тухайн нэг хувьцааг биш нийт хувьцааны зах зээлийн дунджийг хэлж байгаа бөгөөд зарим жилийн өгөөж 10 хувиас бага байж болно.
Та хувьцааг онлайн брокероор дамжуулж худалдаж авч болно.
Брокерт данс нээх үйл ажиллагаа банкны данс нээхтэй адилхан.
Онлайн брокеруудын хувьцааны арилжаа хийлгэснийхээ төлөө авах шимтгэл янз бүр байдаг. Тиймээс сайн судалж байгаад хувьцааны арилжаа хийх брокероо сонгох хэрэгтэй.
Хувьцаа арилжаа хийж эхлэх гэж байгаа бол “Хэрхэн хувьцааны арилжаа хийж эхлэх вэ?” нийтлэлийг уншина уу.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!