Арилжааны setup бэлдэх буюу Олон дэлгэц (Multi monitor, Multi display) угсрах зөвлөгөөг хүргэж байна. Олон дэлгэцийн систем нь эдийн засгийн болон форексын шинжилгээ, арилжаа хийхэд, томоохон хэмжээний програм хангамж болон мэдээллийн систем хөгжүүлэхэд, нэг дүрсийг олон дэлгэц дээр хувааж томоор харуулахад, мөн хяналт, ажиглалт (monitoring: CCTV, studio, …) хийхэд гэх мэт олон зүйлд ашиглагддаг.
Олон дэлгэцийн системийн clone (олон дэлгэц дээр нэг ижил дүрс харуулах), extended (дэлгэц бүр дээр ялгаатай дүрс харуулах) гэсэн 2 горим байдаг.
Энэ зөвлөгөө хоёрдох буюу extended горимын тухай. Extended горимыг бий болгох тоног төхөөрөмжийн хувьд нэлээд олон арга байгаа. Зарим нь технологийн хувьд хоцрогдсон, ашиглахад төвөгтэй, олон төхөөрөмж ашиглагддаг гэх мэт асуудлуудтай ба тэдгээрийг орхиод сүүлийн үед өргөн ашиглаж байгаа хэдэн аргыг танилцуулъя.
Уншигч танд илүү сайн бөгөөд миний орхигдуулсан арга байвал сэтгэгдлээр эсвэл Forex.mn фэйсбүүкийн хуудсаар мессеж бичиж мэдэгдээрэй.
Компьютерт олон дэлгэц холбох аргууд:
- Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
- GPU (Graphics Processing Unit) ашиглах
- USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
1. Тусгай чип буюу төхөөрөмж ашиглах
Энэ арга хувьд хэт ерөнхий зориулалтын буюу супер эсвэл хэт тусгай байдлаас нь болоод ашиглахад хэцүү, худалдаж авахад ховор, үнэтэй байж магадгүй. Тиймээс цааш нь нуршиж олон зүйлс тайлбарлахгүй ингээд орхиё.
2. GPU (Graphics Processing Unit) ашиглах
Компьютер буюу процессортоо нэмэлт график карт (GPU) суурилуулах. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хялбар арга. Сүүлийн үед крипто валют (маш товчоор биткойн)-аас болоод тооцоолох төхөөрөмжийн хөгжил нэлээд сайжирсан. Тухайлбал 19 график картын оролттой эх хавтан (motherboard), 6 дэлгэцийн оролт (display port)-той график карт байдаг болсон. Тиймээс нэг компьютерт 19 × 6 = 114 дэлгэцийг залгаж болно гэсэн үг.
3. USB 3.0 хөрвүүлэгч ашиглах
Сүүлийн үед USB (Universal Serial Bus) портын технологи сайжирч ямар ч портыг USB порт руу хөрвүүлэх боломжтой болсон. Жишээ нь: USB to VGA, USB to HDMI, USB to RJ45 (Lan cable), Samsung болон Apple-ийн оролтыг USB руу, …
Миний хувьд цаашдын хэрэглээгээ бодоод энэ аргаар олон дэлгэц буюу 6 дэлгэц нөүтбүүкдээ холбосон. Өөрөөр хэлбэл, зөвхөн нөүтбүүк биш процессор болон USB оролттой бүх зүйлд дэлгэцүүдээ холбож болно. Мөн график карт авснаас хямдхан, график карт шатвал/гэмтвэл бүхлээрээ хэрэггүй болно. Харин энэ аргын хувьд олон жижиг төхөөрөмж ашиглаж байгаа учраас гэмтэл гарвал зөвхөн нэг төхөөрөмжийг дахиж авна. Тиймээс эрсдэл бага.
Ашигласан төхөөрөмж:
- 6 ширхэг USB 3.0 to VGA converter (USB 3.0 to VGA худалдаж авах)
- 2 ширхэг 4-port USB 3.0 Hub (4-port USB 3.0 Hub худалдаж авах)
Жишээ нь таны дэлгэц HDMI залгууртай бол USB 3.0 to HDMI хөрвүүлэгчийг ашиглах хэрэгтэй. 4 порттой USB 3.0 Hub ашигласан шалтгаан гэвэл USB Hub 4-өөс олон порттой болбол үнэ нь эрс нэмэгдчихдэг. Мөн USB Hub олон порттой байх тусмаа эвдрэх, шатах магадлал нь ихэсдэг. Тиймээс олон порттой USB Hub гэмтвэл бүх дэлгэцүүд маань ажиллахгүй болох учраас зориуд 2 ширхэг 4 порттой USB Hub авсан. Би 6 дэлгэц холбосон бөгөөд нэг USB Hub шатвал 4 дэлгэц асуудалгүй ажиллах ба 2 дэлгэцээ компьютерийнхээ сул USB порт руу залгаад тэр хооронд шинэ USB hub авна.
Нэмэлт:
Мэдээж хэрэг дэлгэц тогтоогч хэрэг болно.